Монгол 87/89 ГҮТББ
Монгол 87/89 ГҮТББ
Нэгдэл · Уламжлал · Хамтын ажиллагаа
Холбоо барих
Хаяг
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол, Нарны гудамж 20а-5
Лого
Монгол 87/89 ГҮТББ
Нэгдэл · Уламжлал · Хамтын ажиллагаа
Бүтэц зохион байгуулалт

ТББ-ын дүрэм

2025 оны Төрийн бус байгууллагын дүрэм — 21 бүлэг, агуулга, хүснэгт.

МОНГОЛ 87/89 ТӨГСӨГЧДИЙН “ҮЕИЙН НӨХДИЙН ҮЙЛС НЭГ” ГИШҮҮДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол улсын хэмжээнд 1987 онд 8 дугаар анги, 1989 онд 10 дугаар анги төгсөгчдийг нэгтгэсэн “ҮЕИЙН НӨХДИЙН ҮЙЛС НЭГ” Төрийн бус байгууллага нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.

Энэхүү дүрмээр тус Төрийн бус байгууллагын үндсэн зорилго, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, удирдлагын тогтолцоо болон бусад харилцааг зохицуулна.

Төрийн бус байгууллага нь хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.

Төрийн бус байгууллага нь өөрийн туг, тэмдэг, бэлгэдэл, шагнал, данс, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.

Хоёр. Төрийн бус байгууллагын оноосон нэр, эрх зүйн болон зохион байгуулалтын хэлбэр

Оноосон нэр:

Монгол хэлээр: Монгол 87/89 төгсөгчдийн “ҮЕИЙН НӨХДИЙН ҮЙЛС НЭГ” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Англи хэлээр: Mongolia 87/89 graduates “ONE ACTION OF THE FREINDS OF THE GENERATION” NON GOVERNMENT ORGANIZATION товчлол MGL87/89

Эрх зүйн хэлбэр: Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага

2.3 Зохион байгуулалтын хэлбэр: Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн, ашгийн төлөө бус

Гурав. Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил

3.1 Аймаг, дүүрэг: Улаанбаатар хот

3.2 Сум, дүүрэг: Сүхбаатар дүүрэг

3.3 Баг, хороо: 5-р хороолол нарны гудамж 20а-5 тоот

3.4 Харилцах утас: 99112376

3.5 Цахим хаяг: mongol89tbb@gmail.com

Дөрөв. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч

Овог нэрРегистерГэрийн хаягХарьяалал
1Ц.ЭрдэнэбаатарАЭ71021474УБ хот, СБД 2-р хороо, 5-р хороолол, Нарны гудамж, 20а байр 5 тоотМонгол Улс
2Б.ЦогтсэргэлэнПЮ71090918УБ, ХУД, 17-р хороо, Их Монгол улс гудамж, 701-1603 тоотМонгол Улс
3Д.ЭнхцэцэгЕС71100408Дорноговь аймаг, Сайншанд сум, 7-р баг, Ганзам гудамж, 129- 50Монгол Улс

Тав. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан огноо

5.12023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Үүсгэн байгуулагчдын 01 тоот шийдвэрээр байгуулав.

Зургаа. Төрийн бус байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл

Алсын хараа. Монгол улсад 1987 оны 8 дугаар анги, 1989 оны 10 дугаар анги төгсөгчид бид үйлс нэгтэй үеийн нөхөд байж, үндэсний манлайлагчаас дэлхийн Найсууд болно.

Эрхэм зорилго. Найсууд сайн сайхныг түүчээлнэ.

Үнэт зүйл:

  • Үеийн нөхдийн харилцан хүндлэл, эв нэгдэл, гишүүдийн сэтгэл ханамжийг эрхэмлэх;
  • Ил тод байдлыг хангаж, үнэнч шударга, ардчилсан, ёс зүйтэй байх;
  • Мэдлэг чадвар, дэвшилтэт технологид суурилсан багийн үйл ажиллагаатай байх;

Төрийн бус байгууллагын “ҮЕИЙН НӨХДИЙН ҮЙЛС НЭГ “ оноосон нэр болон МОНГОЛ 87/89 товчлол нь байгууллагын өмч мөн бөгөөд Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.

Долоо. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зарчим

Монгол улсад 1987 онд наймдугаар анги, 1989 онд аравдугаар анги төгсөгчдийн дунд эрүүл мэнд, нийгмийн харилцаа, боловсрол, бизнес хөгжүүлэлт, аялал жуулчлал, биеийн тамир, урлаг болон бусад төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүгээр дамжуулан нөхөрлөх, туршлага мэдээлэл солилцох, судалгаа хийх, сургалт семинар зохиох байгуулах;

  • Төр болон бусад Төрийн бус байгууллагатай хамтран олон улсын болон үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх, дэмжин оролцох;
  • Гишүүдийн хүчин чармайлтыг эрхэм зорилгод чиглүүлж, үр өгөөжийг нийтийн хүртээл болгосон, хууль ёсны эрх ашгийг хамгаалагч, эвсэг, үлгэр жишээ, чадварлаг манлайлагч нэгдэл болж бэхжих;

Үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх: Байгууллага нь аливаа нам, улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд гишүүд дундаа болон байгууллагын гадна ямар нэг бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй.

Шашны үйл ажиллагаанаас ангид байх: Байгууллага нь аливаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрхэд шашны урсгал төрлөөс үл хамааран адил тэнцүү хүндэтгэлтэй хандах боловч аль нэг шашны байгууллагад харьяалагдахгүй бөгөөд ямарваа нэгэн шашны үйл ажиллагаа явуулахгүй.

Хүний эрхийг дээдлэх: Байгууллага нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлнэ.

Ил тод байх: Байгууллага нь ил тод байх зарчмыг баримтлах ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь нийт гишүүдэд нээлттэй байна.

Хараат бус бие даасан байх: Байгууллагын үйл ажиллагаа нь хараат бусаар бие даасан хэлбэрээр явагдах бөгөөд аливаа нэгэн хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж үйл ажиллагаа явуулахгүй.

Найм. Төрийн бус байгууллагын бүтэц, хяналтын тогтолцоо

Монгол 87/89 төгсөгчдийн “ҮЕИЙН НӨХДИЙН ҮЙЛС НЭГ” гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллага нь:

Удирдах зөвлөл

Дотоод хяналтын зөвлөл

Харилцаа хүндлэлийн зөвлөл

Гүйцэтгэх захиралтай байна.

Гүйцэтгэх захирал нь дараах албадаар дамжуулан эрх, үүргээ хэрэгжүүлнэ.

Гүйцэтгэх захирлын ажлын алба

Эрүүл мэндийн ажлын алба

Нийгмийн харилцааны ажлын алба

Боловсрол, сургалтын ажлын алба

Бизнес хөгжүүлэлтийн ажлын алба

Гадаад харилцаа, аялал жуулчлалын ажлын алба

Биеийн тамир, спортын ажлын албa

Соёл, урлагийн ажлын алба

Мэдээлэл, сурталчилгаа идэвхжүүлэлтийн алба

Ажлын албад нь даргатай байх ба Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлд танилцуулж томилно.

Ес. Удирдах зөвлөлийн эрх, үүрэг хариуцлага

Төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байна.

Удирдах зөвлөл нь бүх аймгаас төлөөлөл болон сонгогдсон 21 гишүүнтэй байх бөгөөд хоёр жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрх эдэлнэ.

  • Удирдах зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх;
  • Төрийн бус байгууллагын бүтэц, стратеги төлөвлөгөө, төсөв батлах;
  • Дотоод хяналтын зөвлөлийг томилох, чөлөөлөх, гэрээ байгуулах, шалгалтын үр дүнг хэлэлцэж шийдвэр гаргах;
  • Харилцаа хүндлэлийн Зөвлөлийн гишүүдийг батламжлах;
  • Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, ажлын төлөвлөгөөг батлах, тайланг хэлэлцэх;
  • Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;
  • Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах;
  • Дүрэмд заасан бусад бүрэн эрх;

Удирдах зөвлөлийн гишүүн нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Удирдах зөвлөлийн гишүүн нь аймгаасаа томилогдсон бусад зохион байгуулагч гишүүдийг удирдан ажиллана.

Удирдах зөвлөлийн гишүүн зохион байгуулагч гишүүдийн хамтаар аймгийнхаа төгсөгчдөд Төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, эрх бүхий этгээдээс гаргасан тогтоол, тушаал, шийдвэр, заавар журмын талаар үнэн зөв мэдээлэл хүргэх, сурталчлах, үйл ажиллагаанд нь төгсөгчдөө өргөнөөр хамруулах ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй.

Удирдах зөвлөлийн гишүүн нь жилд нэг удаа 500,000₮ /Таван зуун мянган/ төгрөгийн гишүүнчлэлийн хураамж төлөх үүрэгтэй.

Удирдах зөвлөлийн гишүүн нь байгууллагын хурал уулзалтад бусдыг хүндэтгэн, товлосон цагт ирж оролцох ба хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж, асуулт тодруулгаа бэлтгэн ирэх, санал дүгнэлтээ бичгээр гаргаж, хуралд идэвх санаачилгатай төлөөллийн эрх үүргээ хангаж оролцох үүрэгтэй.

Удирдах зөвлөлийн ээлжит бус хуралд Удирдах зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар биечлэн оролцох боломжгүй бол өөрийн төлөөллийг аймгийнхаа зохион байгуулагч гишүүдээс томилон, саналын эрхтэйгээр оролцуулах үүрэгтэй.

Төрийн бус байгууллагын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, гишүүдийн аливаа хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирол, түүнээс үүсэх хариуцлагыг Төрийн бус байгууллага хүлээхгүй.

Арав. Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг сонгох, чөлөөлөх, бүрэн эрхийн хугацаа

Удирдах зөвлөл нь Дарга, Дэд дарга, ажлын албатай байна. Дарга болон Дэд даргыг хоёр жилийн хугацаатайгаар, Удирдах зөвлөлийн 21 гишүүдээс хаалттайгаар санал хурааж, дийлэнх олонхын саналаар сонгоно.

Удирдах зөвлөлийн дарга, Дэд даргыг улираан сонгохгүй.

Удирдах зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх үүргийг Дэд дарга орлон гүйцэтгэнэ.

Удирдах зөвлөлийн дарга, Дэд даргыг сонгох хурал нь аймаг бүрийн төгсөгчдийн хүсэл зоригийг хангах үүднээс саналын эрхтэй Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн ирцтэй байна.

Удирдах зөвлөлийн гишүүн нь аймгийнхаа ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА-аас санал өгч буй гишүүдийн 60-аас доошгүй хувийн саналаар томилогдон ажиллана.

Удирдах зөвлөлийн гишүүнийг аймгаас нь үргэлжлүүлэн сонгохоор хүсэлтээ албан бичгээр ирүүлсэн тохиолдолд улируулан сонгож болно.

10.7 Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

  • Удирдах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан;
  • Удирдах зөвлөлийн дарга, гишүүн сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
  • Монгол Улсын хууль тогтоомж, Төрийн бус байгууллагын дүрмийг ноцтой эсвэл удаа дараа зөрчсөн;
  • Удирдах зөвлөлийн гишүүн нь тус дүрмийн 9.4 заалт дахь үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд;

Арван нэг. Удирдах зөвлөлийн хурал

Удирдах зөвлөлийн ээлжит хурал улиралд нэгээс доошгүй удаа болно.

Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг Гүйцэтгэх захирлын саналаар Удирдах зөвлөлийн дарга зарлан хуралдуулна.

Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцоно.

Удирдах зөвлөлийн хуралд саналын эрхтэй 14-өөс доошгүй гишүүн оролцсон тохиолдолд ирцийг тооцож хурлаас гарсан тогтоолыг эрх бүхий хүчинтэй гэж үзнэ.

Удирдах зөвлөлийн хурал хийх тухай бүрт хурлын тэмдэглэл хөтөлнө. Хурлын тэмдэглэлд:

Тухайн хурлаар хэлэлцсэн асуудал,

Хурлаас гарсан шийдвэр,

Нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр,

Сонирхлын зөрчилтэй холбогдсон тайлбар,

Хурлаас гарсан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбар зэргийг тэмдэглэнэ. Зарчмын өөр саналтай гишүүн тайлбараа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана.

Удирдах зөвлөлийн гишүүд хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсгээр баталгаажуулна.

Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд Удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Удирдах зөвлөлийн хурал нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

Арван хоёр. Дотоод хяналтын зөвлөлийн эрх үүрэг, хариуцлага

Дотоод хяналтын зөвлөлийн гишүүдийг Удирдах зөвлөлийн хурлаар 2 жилийн хугацаатай томилно.

Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирлын ажлын албаны ажилтан Дотоод хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.

Дотоод хяналтын зөвлөл нь хуульч, аудитор, татварын мэргэшсэн зөвлөх бүхий 5-аас доошгүй сондгой тооны гишүүнтэй байх ба хяналтын зөвлөлийн гишүүд даргаа сонгоно.

Дотоод хяналтын зөвлөл нь Удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлаас хараат бусаар, бие даасан байдлаар чиг үүргээ хэрэгжүүлнэ. Чиг үүргийн хүрээнд ажиллах журам дүрэм боловсруулан Удирдах зөвлөлд танилцуулан хэрэгжүүлж болно.

Дотоод хяналтын зөвлөл нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Удирдах зөвлөлийн ажлын алба, Гүйцэтгэх захирлын ажлын алба бусад чиг үүргийн албадаас холбогдох материалыг шаардах эрхтэй.

Дотоод хяналтын зөвлөл нь төрийн бус байгууллагын хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр бүрт болон төрийн бус байгууллагын орлого, зарлагын үйл ажиллагаанд хяналт тавьж, чиг үүргийн ажлын албадын ажилд дүн шинжилгээ хийж, эрсдэлийг тооцох, Удирдах зөвлөлийн гишүүдэд дүгнэлтээ танилцуулж ажиллах үүрэг хүлээнэ.

Дотоод хяналтын зөвлөл нь улирал тутамд хуралдана. Шаардлагатай тохиолдолд ээлжит бусаар хуралдаж болно.

Дотоод хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

  • Бүрэн эрхийн хугацаа дууссан;
  • Өөрийн хүсэлтээр чөлөөлөх хүсэлт гаргасан;
  • Аливаа хууль тогтоомж, Төрийн бус байгууллагын дүрэм, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн;

Арван гурав. Харилцаа хүндлэлийн зөвлөлийн эрх, үүрэг хариуцлага

Харилцаа хүндлэлийн зөвлөлийн гишүүдийг аймгуудын зохион байгуулагч гишүүдийн дундаас олонхын саналаар томилно.

Харилцаа хүндлэлийн зөвлөл нь 5-аас доошгүй гишүүнтэй байна.

Харилцаа хүндлэлийн зөвлөл нь нийт гишүүдийн хүрээнд энэхүү дүрмийн 6.3.т заасан Үнэт зүйлийг түгээх, сурталчлах, хэрэгжүүлэх, хянах, зохицуулах чиг үүрэгтэй. Чиг үүргийн хүрээнд Ёс зүйн дүрэм боловсруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж болно.

Үнэт зүйлийг зөрчсөн аливаа үйлдэл эс үйлдлийн талаар гишүүдийн санал гомдлыг хүлээн авах, зогсоох залруулах үүрэгтэй. Аливаа санал гомдол, асуудалд нээлттэй, эрх тэгш, ил тод хандаж хүний эрх нийтийн эрхийг зөрчихгүй байх зарчим баримтална.

Харилцаа хүндлэлийн зөвлөл нь шаардлага үүссэн тохиолдолд хуралдаж дийлэнх олонхын саналаар шийдвэр гаргана.

Харилцаа хүндлэлийн зөвлөлийн гишүүнийг дараах үндэслэлээр чөлөөлнө.

  • Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;

Аливаа хууль тогтоомж, төрийн бус байгууллагын дүрэм, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн.

Арван дөрөв. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх

Төрийн бус байгууллага нь Гүйцэтгэх захиралтай байна.

Гүйцэтгэх захирлыг 1 жилийн хугацаатай, 2 шатлалт зарчмаар олонхын байдлаар сонгож томилно.

Гүйцэтгэх Захиралд зөвхөн тухайн жилийн урлаг спортын наадмыг зохион байгуулах 4 аймгийн төгсөгчдөөс нэр дэвшүүлнэ.

Наадам зохион байгуулах аймаг бүр нэр дэвшүүлэх эрхтэй.

Нэр дэвшигчийг өрсөлдүүлэн сонгон шалгаруулах эрх наадам зохион байгуулах аймгуудад байна.

Дөрвөн аймгийн дундаас шалгаран сонгогдсон нэг нэр дэвшигчийг Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар томилно.

Удирдах зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирлыг томилсноор өмнөх Гүйцэтгэх захирлын эрх үүрэг дуусгавар болно.

Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн гишүүн байж болно.

Гүйцэтгэх захирал Удирдах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллана.

Гүйцэтгэх захирлын ажлын тайланг Дотоод хяналтын зөвлөлийн дүгнэлтийн хамтаар Удирдах зөвлөлийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэнэ.

Гүйцэтгэх захирлыг дараах үндэслэлээр чөлөөлнө.

  • Бүрэн эрхийн хугацаа дууссан;
  • Сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан;
  • Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд;
  • Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бус байгууллагын дүрмийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн;

Арван тав. Гүйцэтгэх захирлын хэрэгжүүлэх чиг үүрэг

Гүйцэтгэх захирал нь Удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан стратеги төлөвлөгөөний дагуу чиг үүргээ багийн зарчмаар гүйцэтгэнэ.

  • Гүйцэтгэх захирал нь Төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүргийн ажлын албадыг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулах үүргийг хэрэгжүүлнэ;
  • Гүйцэтгэх захирал нь Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллана;
  • Гүйцэтгэх захирлын гаргах шийдвэр нь тушаал хэлбэртэй байна;
  • Гүйцэтгэх захирал нь батлагдсан төсвийн дагуу Төрийн бус байгууллагын мөнгөн хөрөнгийг хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны зориулалтаар захиран зарцуулна;
  • Төрийн бус байгууллагын дүрэм, гэрээнд заасан бусад эрх, үүрэг;

Гүйцэтгэх захирал нь бүрэн эрхээ доорхи бүтэцтэйгээр хэрэгжүүлнэ.

  • Гүйцэтгэх захирал нь Төрийн бус байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхдээ 5-аас доошгүй хүнээс бүрдсэн ажлын албатай байна;
  • Гүйцэтгэх захирлын ажлын алба нь дарга, санхүүч нягтлан бодогч, хуулийн зөвлөх, судалгаа хөгжлийн менежер ажилтнуудтай байна;
  • Чиг үүрэг бүхий ажлын албад нь Гүйцэтгэх захирлын шууд удирдлага дор Төрийн бус байгууллагын нийт гишүүдэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана;
  • Ажлын албадын хүний нөөцийг Гүйцэтгэх захирал томилох, чөлөөлөх хөдөлмөрийн харилцаатай холбоотой шийдвэр гарган, журам батлах, хэрэгжилтэнд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангана;

Арван зургаа. Төрийн бус байгууллагын зорилгыг ханган ажиллах Чиг үүргийн ажлын албад

Төрийн бус байгууллагын зорилгыг ханган ажиллах чиг үүргийн ажлын алба нь холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг хангах, Удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлаас олгосон эрх хэмжээний хүрээнд гишүүдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан, бусад ажлын албадтай уялдаж ажиллана.

Чиг үүргийн ажлын алба нь даргатай байх бөгөөд таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

Чиг үүргийн албадын үйл ажиллагааны чиглэл хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлно.

Эрүүл мэндийн ажлын алба нь Төрийн бус байгууллагын гишүүн төгсөгчдөөс эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн судалгааг гарган, хамтын ажиллагааг хангах, гишүүдийг хамруулсан үзлэг оношилгоо зохион байгуулах, гадаадын эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт семинари зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;

Нийгмийн харилцааны ажлын алба нь Төрийн бус байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түгээн сурталчлах, гишүүд байгалийн давтагдашгүй хүчин зүйлд өртсөн үед тусламж дэмжлэгийн аян өрнүүлэх;

Боловсрол, сургалтын ажлын алба нь төгсөгчдөөс боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн судалгааг гаргаж, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллах, Төрийн бус байгууллагын гишүүдэд шаардлагатай сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх, гишүүдийн хүүхдүүдийг тэтгэлэгтэй сургуулиудад зуучлах чиглэлд зөвлөгөө өгөх;

Бизнес хөгжүүлэлтийн ажлын алба нь Төрийн бус байгууллагын гишүүдийг бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаанд оролцуулах ажлыг зохион байгуулах, ЖДҮ-ийн холбоод болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллахад зөвлөж дэмжих

Гадаад харилцаа, аялал жуулчлалын ажлын алба нь Төрийн бус байгууллагын гишүүдийг эрхэлж буй ажил хөдөлмөр, хүсэл сонирхолтой адил төстэй үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид, гадаадын ижил төстэй холбоо, байгууллагуудтай холбох, хамтын ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

  • Гадаад, дотоод аялал зохион байгуулж, гишүүдээ хамруулах;

Биеийн тамир спортын ажлын алба нь тухайн жилд зохиогдох олон улсын чанартай болон нийслэл, аймаг сумдаас зохион байгуулж байгаа тэмцээн уралдаанд гишүүдийг хамруулж, бэлтгэх, дасгалжуулах, нийтийн биеийн тамирын арга хэмжээнүүд зохион байгуулах;

Соёл урлагийн ажлын алба нь тухайн жилд нийслэл болон аймаг сумдаас зохион байгуулж байгаа арга хэмжээ, тэмцээн уралдаан болон Төрийн бус байгууллагын хэмжээнд соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж хөтлөн явуулах, гишүүдийг өргөнөөр оролцуулах;

Мэдээлэл, сурталчилгаа идэвхжүүлэлтийн алба нь

Төрийн бус байгууллагын талаарх мэдээллийг гишүүдэд хүргэх түгээх, Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа болон хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг гишүүдэд сурталчлах тэдний оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

  • Төрийн бус байгууллагын цахим хаяг, сошиал группийг хөгжүүлэх, хяналт тавих;

Улс төр болон нам, сонгуулийн холбоотой мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, бичлэг, нийтийн хэм хэмжээг зөрчсөн, гишүүдийн нэр төр, эв нэгдэлд харш ёс зүйгүй, хориотой мэдээлэл бичлэг оруулахгүй байх талаар анхаарч ажиллах;

  • Төрийн бус байгууллагын мэдээлэл, гишүүдийн хувь хүний нууцыг хамгаалах үүднээс 1987, 1989 оны төгсөгчдөөс өөр төгсөгчийг сошиал группд оруулахгүй байх, хяналт тавих;

Админ болон модераторууд санаатай болон санамсаргүйгээр ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, хувь хүний эрх чөлөөнд халдсан хэвийн бус нийтлэл, мэдээ мэдээлэл, гишүүдийн нэр төр, эв нэгдэлд харш хориотой дуу бичлэг оруулсан тохиолдолд Удирдах зөвлөлийн шийдвэрээр чөлөөлж зохих хариуцлага хүлээлгэнэ;

Үйл ажиллагаанд ашиглах зорилгоор цуглуулсан, нэгтгэсэн аливаа мэдээлэл судалгаа нь Төрийн бус байгууллагын мэдэлд байх бөгөөд түүнийг өөр зорилгоор ашиглах дамжуулах нийтлэхийг хатуу хориглоно.

Арван долоо. Орон нутгийн салбар нэгж түүний эрх үүрэг

17.1 Монгол Улсын аймаг тус бүр төлөөллийн 5 зохион байгуулагчтай байна. Зохион байгуулагчыг аймгийн нийт төгсөгчид дотроосоо өөрсдөө сонгоно.

17.2 Зохион байгуулагчид нь аймгийнхаа гишүүдийн санал санаачилгыг дэмжиж эв нэгдэл нөхөрлөлийг бэхжүүлэх хүрээнд аймаг доторх болон Монгол 87/89 төгсөгчдийн Төрийн бус байгууллагын зохион байгуулж буй аливаа арга хэмжээнд гишүүдээ удирдан зохион байгуулж оролцно.

17.3 Зохион байгуулагчид нь аймгийнхаа төгсөгчдийн санал санаачилга хүсэлт болон Төрийн бус байгууллагын дотоодод мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичигт өөрчлөлт оруулах хүсэлтийг Удирдах зөвлөлд уламжлах үүрэгтэй.

Арван найм. Төрийн бус байгууллагын санхүү, санхүүжилт, зарлага

Төрийн бус байгууллага нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулах ба санхүүгийн дараах эх үүсвэртэй байна.

  • Гишүүний хураамж, хандив;

Аймгаас сонгогдсон Зохион байгуулагч гишүүд өөрийн аймгийн гишүүдийн хураамжийг сар бүр Төрийн бус байгууллагын дансанд төвлөрүүлнэ. Нэг аймгаас 1 сард 200,000₮ /Хоёр зуун мянган төгрөг/, нэг жилдээ 2,400,000₮ /Хоёр сая дөрвөн зуун мянган төгрөг/-ийн хураамжтай байна.

Хураамжийн хэмжээг өөрчлөх асуудлыг гишүүдийн саналаар Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ.

  • Дэмжигч, ивээн тэтгэгчдийн тусламж, дэмжлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
  • Дүрмийн зорилгоо биелүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
  • Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;

Төрийн бус байгууллагын хөрөнгө нь эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө болон бусад хөрөнгөөс бүрдэнэ.

Төрийн бус байгууллага нь орлогоо зөвхөн дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, урсгал зардлыг санхүүжүүлэх, хуулиар зөвшөөрөгдсөн бусад зориулалтаар зарцуулна.

Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон бэлтгэсэн санхүүгийн тайланг Дотоод хяналтын зөвлөл хянаж, дүгнэлтийн хамт дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор Удирдах зөвлөлд тайлагнана.

Дотоод хяналтын зөвлөл нь улирал бүрийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хянан хэлэлцэж дүгнэлтийн хамт гишүүдэд тухай бүр ил, тод нээлттэй мэдээлэх үүрэгтэй.

Төрийн бус байгууллагын орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөх зэргийг хориглоно.

Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтанаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн болон бусад аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

Арван ес. Төрийн бус байгууллагын шагнал

Төрийн бус байгууллага нь өөрийн шагналтай байна. Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан, онцгой гавьяа байгуулсан аймаг, анги хамт олон, эрэгтэй, эмэгтэй гишүүдийг шагнана.

Энэхүү харилцааг Удирдах зөвлөлийн баталсан Шагналын журмаар зохицуулна.

Хорь. Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах,татан буулгах нөхцөл

Төрийн бус байгууллагыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.

Төрийн бус байгууллагыг дараах үндэслэлээр татан буулгана.

  • Эрх бүхий байгууллагын шийдвэр;
  • Хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
  • Үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан тохиолдолд;

Хорин нэг. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг Удирдах зөвлөлөөр хэлэлцэж гишүүдийн 51 хувийн саналаар шийдвэрлэнэ.

Удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор дүрмийг шинэчлэн баталж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

Төрийн бус байгууллагын дүрмийн өөрчлөлтийн ажлын хэсэг:

Ажлын хэсгийн гишүүн Б.Энхболд /Өвөрхангай аймаг/

Ажлын хэсгийн гишүүн Ц.Энхбаяр /Дархан- Уул аймаг/

Ажлын хэсгийн гишүүн С. Төмөрбат /Багануур/

Ажлын хэсгийн гишүүн Ж.Тамжид /Хэнтий аймаг/

Ажлын хэсгийн гишүүн Б.Янжмаа /Орхон аймаг/

Ажлын хэсгийн гишүүн М. Амаржаргал / Баянхонгор аймаг/

Ажлын хэсгийн гишүүн П.Ганцолмон /Завхан аймаг/

Ажлын хэсгийн гишүүн Д.Гэрэлт-Од /Дархан-Уул аймаг/

← Бүтэц зохион байгуулалт